УХЗТ түүхэн товчоон

Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд "Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй.

1951

1951 оны 12-р сарын 30-нд МАХН-ын төв хороо сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Улсын хүүхдийн театрыг” одоогийн УДБЭТ-ын дэргэд байгуулахаар шийдвэр гарчээ.

1951

1951 оны 5-р сарын 14-нд Цагааны Цэгмидийн удирдлагаар Урлагийн дунд сургуулийг төгссөн 13 жүжигчид болон Ардын жүжигчин Нямын Цэгмидийн ангийг төгссөн 6 жүжигчид нь В.Любимова-гийн зохиол “Цасан хүү” жүжгээр “Хүүхдийн төв театрын” анхны хөшгийг нээсэн. / Найруулагч С.Гэндэн, зураач Рушев, туслах найруулагч Б.Мушгиа /

1953

1953 онд “Хүүхдийн театрын” тулгийн чулууг тулалцсан 13 жүжигчид кино найруулагч Ц.Зандраа-гийн “Шинэ жил” кинонд бүрэн бүрэлдэхүүнээрээ тогложээ.

1954

1954 онд 95 хоногийн урлагийн бригадаар хөдөө орон нутагт аялан тоглолт хийсэн нь мэргэжлийн урлагийн байгууллагын түүхэн дэх дээд амжилт байлаа.

1966

1966 онд тус театрын тайзнаа Виллиам Шекспирын “Ромео Джульетта хоёр” эмгэнэлт сонгодог жүжиг анх удаа тавигджээ. /Найруулагч С.Гэндэн, Джульетта-д БНАУ-ын Гавьяат жүжигчин Б.Энхтуяа, Ромео-д БНМАУ-ын Гавьяат жүжигчин Ц.Готов.

1967

1967 онд тус театр нь УДБЭТ-аас өрх тусгаарлан тэр үеийн “Эмнэлэг гэгээрлийн ордон”-д суурьшиж “Хүүхдийн төв театр” хэмээн нэрлэгдэх болсон.

1978

1978 онд тус театр нь БНАГерман улсад айлчлан тоглож Ч.Нацагдоржийн зохиол “Миний чинь зоригт бяцхан найз”, А.Гайдарын "Кибальчиш хүү" /найруулагч С.Сугар/ жүжгүүдийг Германы бяцхан үзэгчдэд толилуулжээ.

1978

1978 оны 11-р сарын 1-нд одоогийн Сөүлийн гудамжинд шилжин суурьшжээ

1980

1980 онд тус театрын 30 жилийн ойгоор “Алтангадас” одонгоор шагнагдсан.

1981

1981 онд тус театрыг Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн нэрэмжит болгож “Хүүхэд, залуучуудын театр” хэмээн нэрлэгдэх болсон.

1989

1989 оны 10-р сард ЗХУ-ын Халимаг улс, БНБолгар Ард улсад айлчлан тоглож Д.Гармаагийн зохиол “Эрх гүнж” /найруулагч И.Нямгаваа/ жүжгийг хүүхэд багачуудад толилуулжээ.

1991

1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн.

1997

1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилсан байна. Улмаар театр үйл ажиллагаагаа зогсоож, хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болсон.

2001

Тус театр 2001 оны 2-р сард үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ.

2001

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэв.